Сургуулийн танилцуулга

ШУТИС-ИЙН БИЗНЕСИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛЬ

          ШУТИС нь 1959 оноос Монгол улсад салбарын удирдлага, зохион байгуулалт, инженер эдийн засгийн чиглэлээр 1991 оноос бизнесийн удирдлагын мэргэжилтэнг бакалавр, магистр, докторын зэрэгтэйгээр  шаталсан сургалтаар бэлтгэж эхэлсэн байна. 1994 оноос Бизнесийн удирдлагыг дипломын сургалтаар, 1997 оноос үйлдвэрлэл, санхүү, маркетинг, мэдээллийн технологи, мэдээллийн системийн удирдлага, 1998 оноос хүний нөөц, 1999 оноос олон улсын бизнес, төрийн захиргааны удирдлага мэргэжлээр тус тус мэргэжилтэн бэлтгэж эхэлснээс хойш бизнесийн удирдлага, төрийн удирдлагын бакалавр, магистрын нийт 6000 гаруй төгсөгчдийг бэлтгэн гаргажээ.  

          Төр засгаас  боловсролын талаар баримтлах бодлого (2007–2024), Монгол улсын Шинжлэх Ухаан, Технологийг 2007-2020 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөө, ШУТИС–ийг 2021 он хүртэл хөгжүүлэх Мастер төлөвлөгөөний дагуу ШУТИС-д Ахисан түвшний сургууль байгуулах, судалгаа, сургалтын чанарыг дээшлүүлэх, судалгааны үр дүнг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлын хүрээнд сургуулийн удирдлага  ректор Б. Очирбат тухайн үеийн БуХС-ийн Бизнесийн удирдлагын салбарын эрхлэгч Г.Баттүвшинд гадаадын их сургуулиудын ахисан түвшний буюу судалгааны сургуулийн зорилго, бүтэц зохион байгуулалт, онцлог, ач холбогдлыг судлах үүргийг 2015 оны 1 дүгээр сард өгсөн байна. 

          Бизнесийн ахисан түвшний сургууль (БАТС) нь ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн 2015 оны 4 тоот тогтоолоор Магистр, докторын сургалтын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх, удирдлага, зохион байгуулалтыг олон улсын  жишигт нийцүүлэх зорилгоор Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийг түшиглүүлэн бие даасан хэлбэртэйгээр үүсгэн байгуулагдсан юм. Бизнесийн ахисан түвшний сургууль нь 2015 оны 4 сарын 1-ны өдрөөс анх 6 багш, ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба захирлаар доктор (Ph.D), дэд профессор Г.Баттүвшин ажиллаж байна.

          2015-2016 оны хичээлийн жилд сургуулийн анхны бүрэлдэхүүнд доктор (Ph.D), дэд профессор Ж.Пүрэвсүрэн, доктор (Ph.D) Д.Биндиряа, доктор (Ph.D) Б.Цэрэгмаа, доктор (Ph.D) М.Банзрагч, судалгаа хамтын ажиллагааны ажилтан доктор (Ph.D) А.Уранчимэг, захирлын туслах магистр С.Энхтуяа, тооцооны нягтлан бодогч магистр С.Баярмагнай, сургалтын албаны ажилтан магистр Т.Батдолгор, магистр Д.Нямсүрэн, сургалтын мастер магистр С.Урнаа нар ажиллаж байв.

          Сургуулийн үйл ажиллагаа өргөжин тэлж, оюутны тоо нэмэгдсэн, судалгааны профессорын баг байгуулж эхэлсэнтэй холбоотойгоор 2015-2016 оны хичээлийн жилийн хаврын улиралд доктор (Ph.D) М.Анара, 2016-2017 оны хичээлийн жилийн намрын улиралд доктор (Ph.D) Д.Бямбасүрэн нар багшаар, Н.Буянжаргал нягтлан бодогчоор тус тус ажиллах болсон юм.

          Ахисан түвшний сургуулийн үндсэн нэгж нь судалгааны профессорын баг байх тухай түр журамд тусгагдсаны дагуу БАТС–ийн судлаач багш нарын бүрэлдэхүүнд БуХС-ийн мэргэжлийн салбаруудаас Монгол улсын Гавъяат эдийн засагч, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Г.Батхүрэл, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Л.Оюунцэцэг, доктор (Ph.D), дэд профессор Ж.Ганчимэг, доктор (Ph.D) Б.Сарантуяа,  доктор (Ph.D) Н.Мөнхөө, доктор (Ph.D) Б.Оюунтунгалаг, доктор (Ph.D) М.Заяа, доктор (Ph.D)  Я.Төгөлдөр, доктор (Ph.D) Н.Ариунтуяа, доктор (Ph.D), дэд профессор Л.Эрдэнэболд, доктор (Ph.D) О.Тамир нар шилжин ирж Энтрепренершип ба инновацийн, Либераль арт, Археологи, угсаатны, Хөгжлийн бодлого, өрсөлдөх чадварын, Бизнес, менежментийн гэсэн  судалгааны профессорын 5 баг (СПБ)-ийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.

          2017-2018 оны хичээлийн жилийн намрын улиралд доктор (Ph.D) дэд профессор Ч.Баасандаш, доктор (Ph.D) Т.Ууганбаяр, сургалтын албаны ажилтан С.Чимгээ нар тухайн сургуульд шилжин ирснээр сургуулийн хүний нөөцийн чадавхи нэмэгдэж, олон улсын харилцаанд дэвшил гарах болсон гэж үздэг.

          ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 15 тоот тогтоол болон ШУТИС-ийн Захирлын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/04 тоот тушаалаар  Бизнесийн ахисан түвшний сургуулийг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль болгон өөрчлөн зохион байгуулав. Тус сургууль нь бүрэлдэхүүн сургуулийн бүтцэд орж захиргааны 8 ажилтантай, 11 профессор багштайгаар сургалт, судалгааны үйл ажиллагаа явуулж байгаа ба үндсэн 11 судлаач багштайгаар магистр, докторын сургалт, судалгааг дагнан эрхэлж, багшлах боловсон хүчний хувьд 100% докторын зэрэгтэй, тэдгээрээс Монгол улсын гавъяат эдийн засагч 1, эдийн засгийн шинжлэх ухааны доктор 2, гадаадад хамгаалсан судлаачид 50%-ийг эзэлж байна. Сургалтын ажилд ШУТИС–ийн бусад бүрэлдэхүүн сургуулиуд, салбарын багш нар татагдан орж салбарын менежментийн хичээлүүдийг заахаас гадна судалгааны ажилд хамтран ажиллаж салбар хоорондын уялдааг ханган ажиллаж байна.

          БАТС-д Монгол улсын гавъяат багш, доктор (Ph.D), профессор Х.Пүрэвдагва, доктор (Ph.D)  профессор  С.Байгалтөгс, доктор (Ph.D)  профессор С.Төгс, доктор (Ph.D)  профессор Л.Отгонцэцэг, доктор (Ph.D) дэд профессор Б.Нарангэрэл, доктор (Ph.D) дэд профессор Ц.Ганбат нарын ахмад багш нар ажиллаж байна.

             БАТС үүсгэн байгуулагдсан цагаас хойш Бизнесийн удирдлага, менежмент зэрэг магистрын 7 хөтөлбөрөөр 902 оюутан төгсөж, докторын 2 хөтөлбөрөөр 8 хүн эрдмийн зэргээ амжилттай хамгаалаад байна.

  • Хөтөлбөрийн болон сургуулийн олон улсын нэр хүнд

Тус сургуулийн Бизнесийн удирдлага хөтөлбөрийн 7 мэргэжлийн хөтөлбөр 2013 онд АНУ-д төвтэй Бизнесийн сургууль, хөтөлбөрийн олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллага (ACBSP)-аар магадлан итгэмжлэгдсэн бөгөөд 2015 онд Монгол улсад анх удаа Бизнесийн удирдлагын доктор (PhD)-ын хөтөлбөрийг үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлсэн сургууль юм. 

 Тус сургууль 2008 онд Франц улсад төвтэй “Eduniversal” олон улсын байгууллагаас дэлхийн эдийн засаг, менежмент, бизнесийн чиглэлийн 19000 сургуулиудаас шалгаруулдаг дэлхийн шилдэг  бизнесийн 1000 сургуулийн нэгээр шалгарч, “1 навчтай “- үндэсний хэмжээнд тэргүүлэгч бизнесийн сургууль  гэсэн  диплом, шагналыг авч ирсэн  цагаас хойш жил бүр тогтмол шалгарч 2017 онд Бүс нутагт тэргүүлэгч “2 навчтай” Зүүн Өмнөд Азийн шилдэг сургуулийн нэг болов.

     

  2014 онд Испаний олон улсын байгууллага (Business Initiative Directions (BID))-аас 179 орны бизнесийн чиглэлээр       ажилладаг их дээд сургууль, байгууллагуудын үйл ажиллагааны чанар, амжилтыг тодорхойлон “Олон улсын чанарын алтан титэм” (International Quality Crown)-ийг олгожээ.

 

 


Сургалтын чанараа сайжруулах, гадаадын нэр хүндтэй их сургуулиудын хөтөлбөрийг нутагшуулах, судалгаанд суурилсан бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд манай сургуулийн зарим хөтөлбөрүүд тухайлбал, “TOP 2018 – EDUNIVERSAL BEST MASTERS RANKING” -д эхний байруудад эрэмблэгдээд байна.