Захирлын мэндчилгээ

БНМАУ-ыг Аж үйлдвэр, Хөдөө аж ахуйн орон болгон хөгжүүлэх тухай төр засгийн бодлого, улс ардын аж ахуйн салбарын хөгжлийн бодлоготой уялдуулан инженер техникийн дээд боловсролтой хүн хүчнийг дотооддоо бэлтгэх асуудал ХХ зууны хоёрдугаар хагаст эхлэл нь тавигджээ. 1959-1960 оны хичээлийн жилд Эдийн засгийн дээд сургуулийн улс ардын аж ахуйн үйлдвэрийн факультетын Аж үйлдвэрийн эдийн засгийн тэнхим байгууллагдсанаар манай сургуулийн суурь тавигдсан байна. 1967 онд Эдийн засгийн сургуулийг МУИС-ийн бүрэлдэхүүнд нэгтгэж Инженер-эдийн засгийн факультетыг шинээр байгуулж таван жилийн хөтөлбөрийг сургалтанд нэвтүүлсэн юм. Удалгүй БНМАУ-ын СнЗ-ийн 1969 оны 7 сард Политехникийн Дээд сургуулийг 5 факультеттэй байгуулсны нэг нь Инженер эдийн засгийн факультет (ИЭЗФ) байв. ИЭЗФ-ийн мэргэжлийн тэнхим, профессор багш нар нь зөвхөн дээд боловсролтой инженер-эдийн засагчдыг бэлтгэхээс гадна үйлдвэрлэлийн, төрийн удирдах ажилтан бэлтгэх, салбарын мэргэжилтнүүдийн эдийн засаг, менежментийн сургалт явуулах, төлөвлөлт, урамшууллын шинэ системийг улс орны хэмжээнд нэвтрүүлэх, төв, орон нутаг, үйлдвэрийн газруудын нийгмийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах ажлуудыг хэрэгжүүлж байв. 1970 аад оны дунд үеэс удирдлагын асуудлыг анхлан онол арга зүйн хүрээнд боловсруулж, үйлдвэр аж ахуйн газруудтай аж ахуй гэрээний үндсэн дээр эрдэм шинжилгээний ажил явуулж үйлдвэрлэлд нэвтрүүлж, шилжүүлж байсан юм. Мөн МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын СНЗ-ийн 1983 оны 29-р тогтоолын дагуу дээд сургууль дундын Удирдлагын автоматжуулсан систем, тооцоолох  техникийн тэнхимийг байгуулж ПДС, МУИС, ХААДС-ийн холбогдох хөтөлбөрүүдийг боловсруулан, сургалтыг удирдан явуулж байв.

1992-1993 оны хичээлийн жилд ТИС-д хийгдсэн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Компьютерийн техник, Менежментийн сургууль байгуулагдсан. Энэ сургуулийн бүтцэд Инженер эдийн засгийн факультет, Удирдлагын автоматжуулалтын систем, Автоматик электроникийн тэнхимүүдийг нэгтгэсэн нь тухайн үедээ хийгдсэн маш зөв шийдэл болсон байна. КтМС-ийн эдийн засаг менежментийн салбар нь дэлхийн шилдэг бизнесийн 1000 сургуульд удаа дараа, Азийн шилдэг 70 сургуульд шалгарч, дэлхийн хэмжээнд сэтгэдэг шинэ үеийн манлайлагчид, бүтээлч сэтгэлгээтэй залуу үеийг төрүүлж байв. 2014 оны ШУТИС-ийн бүтцийн өөрчлөлт хийгдэх хүртэл хугацаанд КтМС нь Монгол улсын боловсролын салбарын нэгэн брэнд сургууль болтлоо хөгжихийн хамт тухайн салбарт Шаталсан сургалтын технологи, Сургалтын кредит систем, Профессорын багийн систем, Үр дүнгийн менежмент, Е сургалтын технологийг дээд боловсролын салбарт анхлан нэвтрүүлсэн шилдэг сургууль байлаа.

ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн 2014 оны 5 сарын тогтоолоор БУХС-г түшиглүүлэн Бизнесийн ахисан түвшний сургууль (БАТС) байгуулагдаж улмаар 2019 онд ШУТИС-ийн бие даасан бүрэлдэхүүн сургууль болсон юм.

Манай сургууль нь судалгаанд суурилсан магистрантур, докторантурын сургалтыг Монголын боловсролын салбарт нэвтрүүлсэн анхдагч сургууль юм. Магистрантур, докторантурын сургалтын бүх хөтөлбөр нь дотооддоо магадлан итгэмжлэгдсэнээс гадна, магистрантурын сургалтын 7 хөтөлбөр олон улсад магадлан итгэмжлэгдсэн дотооддоо төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн амжилтанд хүрсэн юм.  Монголын боловсролын салбарт үйл ажиллагаа явуулж буй менежмент, бизнесийн удирдлагын чиглэлийн их дээд сургуулиуд нь 60 гаруй жилийн түүхтэй Менежментийн шавь манай сургуулийн туршлагаас ямар нэгэн хэмжээгээр нэвтрүүлдэг, биднээс байнга суралцаж байдгаар нь манай хамт олон бахархдаг юм. Үндэсний Менежментийн шавь сургуулийн үе үеийн ахмадууд, эрдэмтэн багш нар, ажилтан, төгсөгчид, оюутан судлаачид та бүхэндээ эрдэм, номын их үйлсэд тань өндөр амжилт, арвин их бүтээлийг хүсэн ерөөе.

 

ШУТИС-ийн Бизнесийн Ахисан Түвшний Сургуулийн Захирал,

Бизнесийн удирдлагын ухааны доктор (Ph.D), Профессор

Намсрай овогт Гүрбазарын Баттүвшин