Массачусетсийн технологийн институтын зочин хөтөлбөрт оролцов
2017-12-01 16:45:12
Массачусетсийн технологийн институтын зочин хөтөлбөрт оролцов

2015 оны 11 дүгээр сард Монгол улсын засгийн газар Массачусетсийн технологийн институттай (МТИ-тай) байгуулсан хамтын ажиллагааны гэрээ, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “МТИ-Монгол улс санаачлага” төсөл 2015 оноос хэрэгжиж эхэлсэн. Төслийг ШУТИС-ийн Ректор проф. Б.Очирбат удирдаж байгаа юм. Тус төслийн дөрөвдүгээр үйл ажиллагаа болох “Массачусестсийн технологийн институтын зочин хөтөлбөр” 2017 оны 11 дүгээр сарын 11-24-ны өдрүүдэд АНУ-ын Бостон хотод тус институт дээр зохион байгуулагдлаа. Монголын талаас ШУТИС, МУИС-ийн төлөөлөгчид оролцон орчин үеийн судалгааны сургуулийн засаглал, бодлого, менежмент, ахисан түвшний боловсрол гэх мэт асуудлуудын хүрээнд сургалт, хэлэлцүүлэг, бодлогын шинжилгээ хосолсон тусгай семинарт оролцоод ирлээ. Тус хөтөлбөрт ШУТИС-ийн талаас Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны проректор Т. Намнан, БАТС-ын дэд профессор Т. Ууганбаяр, ЭХС-ийн профессор Б. Сэргэлэн, МУИС-ийн талаас Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтсийн дарга А. Сайнбаяр, Машин оюуны лабораторийн эрхлэгч Ч. Лодойравсал, Газар зүйн тэнхимийн эрхлэгч П. Мягмарцэрэн нар оролцлоо. Хөтөлбөрийн явцад ШУТИС, МУИС-ийн төлөөлөгчид хоёр сургууль дээр судалгааны сургууль, ахисан түвшний боловсролыг хэрхэн хөгжүүлж ирсэн ямар бэрхшээл, асуудал тулгарч байгаа тухай илтгэл тавьж  МТИ эксперт, судлаачид, бодлого эрхэлсэн захирлуудын үнэтэй санал зөвлөмжийг авлаа. Өнөө үеийн МТИ-ийн хөгжлийн нүүр царай болсон Сколтек, Португалийн санаачлага хөтөлбөрийн захирал асан профессор Жон Бриссон, Технологийн инновацийн Диспанди төвийн гүйцэтгэх захирал Леон Сандлер, Микросистемийн технологийн лабораторийн захирал Есүс Же Делимо, МТИ-ийн Дижитал сургалтын захирал Кришна Ражагопал, МТИ-ийн Номын сангийн захирал Крис Борг, Абдул Латиф Жамелийн Дэлхийн боловсролын лабын дээд боловсролын захирал бөгөөд МТИ-Африкийн санаачлагын зохицуулагч профессор Хазел Сиф, МТИ-ийн Инновацийн Санаачлагын захирал Жене Кесселман, Хот төлөвлөлт, бүс нутгийн судлалын тусгай хөтөлбөрийн захирал Биш Санял, Технологийн Лицензийн албаны  ахлах орлогч захирал Жек Төрнер, МТИ-ийн ЭдХ-ийн ерөнхийлөгч Анант Агарвал, Стратегийн түншлэлийн дэд ерөнхийлөгч Жоханнос Хейнлейн, МТИ-ийн Олон улсын үйл ажиллагааны орлогч провост Ричард Листер нар сургалт, семинар, хэлэлцүүлэгийг тус тусдаа 2-3 цаг удирдан явуулсан нь үр өгөөж өндөртэй байлаа. Сургалтыг бүхэлд нь удирдан зохион байгуулсан Доктор Бернд Виддиг, Стефен Грэйвис нар дөрөвдүгээр арга хэмжээ маш амжилттай, үр дүнтэй болсон төдийгүй монголын төлөөлөгчид идэвх санаачлагатай оролцсоныг онцолсон юм.

Хөтөлбөрийн явцад МТИ-ийн тал монгол улсын засгийн газар, ШУТИС, МУИС-тай хамтран“МТИ-Монгол улс санаачлага” төслийг үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа албан ёсоор илэрхийлсэн бөгөөд нарийвчилсан саналыг бид боловсруулж хүргүүлэх ажлыг ойрын хугацаанд хийхээр тогтсон юм. 

Хөтөлбөрт хамрагдсан багийн зүгээс сургалт, хэлэлцүүлгийн үр дүн, цаашид Монгол улсад хэрэгжүүлж болох санал санаачлагуудыг нэгтгэн БСШУСЯ, ШУТИС, МУИС болон бусад их дээд сургуулиудад танилцуулга хйиж, уулзалт семинар зохион байгуулах, олон нийтэд үр өгөөжийг нь таниулах ажлуудыг хийхээр төлөвлөж байна.