“Монголын орон нутгийн хадлан, тэжээлийн үйлдвэрлэлд гэрээт менежментийг ашиглах” төсөл хэрэгжиж эхэллээ.
2021-06-22 16:57:18
БАТС-ийн Тана лабораторийн Японы Хоккайдотой хамтран хэрэгжүүлэх ЖАЙКА-ийн хөдөө аж ахуйн төсөл

Япон улсын ЖАЙКА байгууллагын дэмжлэгтэйгээр БАТС-ийн дэргэдэх Тана лаборатори, Хоккайдогийн Токачи хөдөө аж ахуйн техникийн нийгэмлэгтэй хамтран Төв аймагт төсөл хэрэгжүүлж эхэллээ.

“Монголын орон нутгийн хадлан, тэжээлийн үйлдвэрлэлд гэрээт менежментийг ашиглах” нэртэй уг төслөөр Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-өндөр багийн фермерүүдийн хоршоо үүсгэн ажиллахыг дэмжихээс гадна, ялангуяа тэдний хувьд хамгийн чухал асуудал болсон өвс тэжээлийг гэрээлэгч байгууллагаар дамжуулан бэлдэх Япон улсын туршлагыг нэвтрүүлэхээр ажиллах юм.

Төсөл энэ 6-р сараас албан ёсоор эхэлж байгаа бөгөөд өнгөрөгч 19-ний өдөр тус төслийн Тана лабораторийн багийнхан болон төслийг сонирхсон ШУТИС-ийн докторантууд Батсүмбэр суманд очиж фермерүүдтэй уулзалт хийж, суурь судалгаа авав.

Мөн энэ өдөр доктор оюутнууд Тана лабораторийн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Рашаант өртөөнд хэрэгжиж байгаа сонгино, сармисны туршилт судалгааны талбайн үйл ажиллагаатай танилцаж талбайн туршилтыг удирдагч Г.Энхтүвшингээс хөдөө аж ахуйн судалгаан дээр суурилсан менежментийн талаар сонирхолтой лекц сонсож, асуултууд асууж байв.